Гол агуулга руу алгасах
Мэдээ мэдээлэл Цаг үеийн мэдээ

МОНГОЛ УЛСАД АЗИ-ЕВРОПЫН ТЭРГҮҮЛЭХ МУЗЕЙН УДИРДЛАГУУД ЧУУЛЖ БАЙГАА НЬ АНХНЫ ТОХИОЛДОЛ

2026.06.15
МОНГОЛ УЛСАД АЗИ-ЕВРОПЫН ТЭРГҮҮЛЭХ МУЗЕЙН УДИРДЛАГУУД ЧУУЛЖ БАЙГАА НЬ АНХНЫ ТОХИОЛДОЛ

Хүн төрөлхтний түүх, соёлын өвийг хамгаалах, судлах, түгээн дэлгэрүүлэх эрхэм үйлсийн төлөө нэгэн зорилгын дор дэлхийн 20 гаруй орны 70 гаруй музейн удирдлагууд нэгдэн Чингис хаан Үндэсний музейд чуулж (2026.06.15) байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Евразийн Их солилцоо: ирээдүйн боломж, хамтын ажиллагаа” чуулганаар Евразийн улс орнуудын музейн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, харилцан мэдлэг, туршлагаа солилцох, хүн төрөлхтний соёлын гайхамшигт өвийг хадгалах, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх зэрэг музейн хөгжлийн олон чиглэлээр хэлэлцэж эхэллээ.

Чуулганыг Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С. Чулуун нээж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр Ерөнхийлөгчийн мэндчилгээг уншиж танилцуулж, Монголын хөгжмийн урлагийн сор бүтээлүүдийн нэг, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Б.Шаравын “Сэрсэн тал” аялгууг сонордуулснаар чуулган албан ёсоор ийнхүү нээлтээ хийлээ.

Академич С.Чулуун: Чингис хаан Үндэсний музей нь Евроазийн бүс нутагтаа хамгийн залуу нь байж магадгүй. Тиймээс бидэнд олон арван жилийн туршлагатай бүс нутгийн болон олон улсын нэр хүндтэй музейн үйл ажиллагаатай уялдуулан шинэ мэдлэгийг солилцох, туулж өнгөрсөн туршлагаас суралцах, ирээдүйд хамтран ажиллах боломжоо эрэлхийлэхэд энэхүү чуулган чухал ач холбогдолтой учраас хүндэтгэн хүрэлцэн ирсэн та бүхэндээ чин сэтгэлээсээ талархаж байна. Монголчууд нүүдлийн иргэншлийг тасралтгүй уламжлан, амьдралын өвөрмөц дүр төрхөө хадгалж, эрс тэс уур амьсгалыг сөрж, тэсвэр тэвчээрийг туулж их түүхийг бүтээсэн ард түмэн юм. Монголчууд зөвхөн байлдан дагуулал хийж байсангүй тэд тухайн ард түмний шашин, хэл, амьдралын хэв маягийг хүндэтгэн, эв зүйгүй байдлыг зохицуулж, оюун билгийн авьяас билэгтнүүдийг эрхэмд үзэж, олон бүтээн байгуулалт хийснийг өнөөдөр дэлхийн түүх зөвөөр харж байна. Түүхийг үнэн зөвөөр харуулах, ойлгуулах, түүхэн цаг үед нь аливаа асуудлыг тавьж үзэхэд Чингис хаан Үндэсний музейн нэгэн гол үүрэг агуулагддаг” гэдгийг тодотгон хэллээ.

Чуулганд ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Ерөнхийлөгчийн зөвлөхүүд, эрдэмтэн судлаачид болон бусад албаны 200 орчим төлөөлөгчид оролцож байна.

Чуулган тав хоног үргэлжлэх бөгөөд, Евроазийн улс орнуудын музейн удирдлагууд цуглан музейн хөгжил, бодлого, үйл ажиллагаа, нүүдэлчдийн өв соёлын хадгалалт хамгаалалт, нөхцөл байдал, хамтын ажиллагааны шинэ боломж, харилцаа, шинэ эрин дэх музей, технологи, инновацын чиглэлээр салбар хуралдаануудыг зохион байгуулж санал, зорилго, ирээдүйн боломжийн тухай хэлэлцэнэ.

Чуулганы төгсгөлд Евроазийн музейн удирдлагууд Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хот, Эрдэнэ зуу, Уйгурын хаант улс, Түрэгийн хаант улсын өв дурсгал, нүүдлийн ахуй соёл болон бусад музейнүүдтэй танилцсанаар өндөрлөнө.

МУЗЕЙН ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ ЗӨӨЛӨН ХҮЧНИЙ БОДЛОГОД ЧУХЛЫГ ХАРУУЛЛАА

Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулганы үеэр Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуунтай Венийн Дэлхийн музей, Финландын Үндэсний музей, Япон улсын Тэнри ИС-ийн харьяа Санкокан музей, Литвын Үндэсний музей, Унгарын Үндэсний музейдийн захирлууд албан уулзалт хийж, хамтран ажиллах хүсэлтээ илэрхийллээ.

Тухайлбал, Венийн Дэлхийн музей үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой нь ирэх 2028 онд болно. Тиймээс хамтарсан үзэсгэлэн гаргах саналыг гаргаж, Монголын буддын шашны урлагийг сонирхож буйгаа захирал Клаудиа Банц хэллээ.

Төв Азийн улс орнуудын музейд хамтарч Азийн буддын томоохон үзэсгэлэн гаргаж, Төв Азийн буддын урлагийн олон улсын хурал зохион байгуулж болно. Монголд буддизмыг түгээн дэлгэрүүлсэн Өндөр гэгээн Занабазарын бүтээлээс оролцуулж дэмжин ажиллахаа Чингис хаан Үндэсний музейн захирал С.Чулуун илэрхийллээ.

Мөн Унгарын Унгарын Үндэсний музей Габор Зигмондтой уулзаж ирэх оны есдүгээр сард Монголд Аттила үзэсгэлэнг Монголын Хүннүчүүдтэй нийлүүлсэн хамтарсан үзэсгэлэн гаргахаар тохиролцлоо.

Мөн Литвын Үндэсний музейн захирал Рута Качкутэ уулзах үеэрээ Балтийн тэнгис хавийн улс орнуудад үзэсгэлэн гаргах боломжтой эсэх талаар санал солилцлоо.

Мөн Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун, Азербайжаны Үндэсний музей захирал Наиля Велинханлытай уулзах үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Төв Азийн улс орнуудтай маш сайн харилцаж соёлын харилцааг чухалчилж буйн үр дүнд музей хооронд хамтран ажиллах Санамж бичгүүд байгуулагдаж байгааг хэлээд цаашдын хамтын ажиллагаа өргөжин гэдэгт найдаж буйгаа илэрхийллээ.

Мөн Киргизийн Нүүдэлчдийн соёл иргэншлийн музейн захирал Аида Алымова, Казахстаны Үндэсний музейн захирал Берик Абдыгалиулы, Тажикстаны Үндэсний музейн захирал Ибрахимзода Зафаршо,Узбекистан Улсын Түүхийн музей захирал Исмаилова Жаннат Хамидовна, Туркменистан Улсын Аркадаг хотын түүх, орон нутаг судлалын музейн захирал Анначарыев Нурмырат нарыг хүлээн авч уулзах үеэрээ чуулганд хүрэлцэн ирж оролцож байгаад талархлаа илэрхийлж, цаашид музей хооронд хамтран ажиллах өргөн боломж буйг хэллээ.

Олон Улсын музейн зөвлөлөөс 2026 онд “Хуваагдмал дэлхийг музейнүүд нэгтгэхүй” хэмээн хүн төрөлхтөнд үүсэж буй олон нөхцөл байдалд дэлхийн улс орнуудын музей хэрхэн үүрэг гүйцэтгэхийг тодорхой зааж өгч уриалгаа дэвшүүлсэн. Тийм ч учраас Чингис хаан Үндэсний музейн зүгээс уриалгыг дэмжин өөрсдийн хувь нэмрээ оруулж, чуулганыг амжилттай зохион байгууллаа.

Евроазийн улс орнуудын музейн удирдлагууд Чингис хаан Үндэсний музейд нэгэн дор цуглан музейн хөгжил, бодлого, үйл ажиллагаа, нүүдэлчдийн өв соёлын хадгалалт хамгаалалт,хамтын ажиллагаа, шинэ эрин дэх музей, технологи, инновацын чиглэлээр хамтран шинэ боломжийн талаар хэлэлцэж нэгдсэн ойлголтод хүрч чадлаа.FOR THE FIRST TIME, LEADERS OF LEADING ASIAN AND EUROPEAN MUSEUMS ARE GATHERING IN MONGOLIA

Зургийн цуглуулга (12 зураг)