Түүхэн замнал
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны шийдвэрээр үүсгэн байгуулагдаж, 2022 оны 10 сард нээлтээ хийсэн Чингис хаан Үндэсний музейн хөгжлийн үе шатууд.
Гол үе шатууд
Музей байгуулах шийдвэр гарснаас эхлэн албан ёсоор нээгдэх хүртэлх 2019–2022 оны хөгжлийн чухал үйл явдлууд.
Музей байгуулах шийдвэр
Монгол Улсын Засгийн газрын 280 дугаар тогтоолоор Чингис хаан музейг Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамны харьяанд байгуулахаар шийдвэрлэв.
Барилгын төслийн өөрчлөлт
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын А/425 дугаар тушаалаар Соёл спорт аялал жуулчлалын яамны захиалгаар “Балданс” ХХК-ийн гүйцэтгэсэн Байгалийн түүхийн музейн барилгын зураг төсөлд өөрчлөлт оруулж Чингис хаан музейн барилгын зураг төсөл болгосон.
Үзэл баримтлалын ажлын хэсэг
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын А/458 дугаар тушаалаар Чингис хаан музейн үзэл баримтлал, үзүүллэг дэглэлтийн төлөвлөгөөний төслийг боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн байгуулсан. ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэнгийн захирал С.Чулуунаар ахлуулж музейн үзэл баримтлалын төслийг боловсруулав.
Үзмэр нүүлгэн шилжүүлэх
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын даргын А/56 тоот тушаалаар Музейн барилгын В блокт хадгалж буй Үндэсний музейн 3106 дэсийн 5092 ширхэг үзмэр, Байгалийн түүхийн музейн 9778 дэсийн 12037 ширхэг үзмэрийг хуучнаар Үлэг гүрвэлийн музейн сан хөмрөгт нүүлгэн шилжүүлэх тухай шийдвэр гарав.
Үзэл баримтлал танилцуулав
Монгол Улсын Ерөнхий сайд оролцсон Чингис хаан музейн анхны үзэл баримтлалыг батлах хуралд Академич С.Чулуун тус музейн үзэл баримтлалыг Монголын Соёл, Урлагийн Зөвлөл, Ерөнхий сайдад Төрийн ордонд танилцуулав.
Барилгын архитектур
Байгалийн түүхийн музейн барилга нь А, Б, В гэсэн 3 блокоос бүрддэг бөгөөд музейн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй гол барилга /А блок/, өргөтгөлийн барилга /Б блок/ зэрэг үл хөдлөх хөрөнгийг акталж, данснаас хасахыг “Үл хөдлөх хөрөнгө акталж, данснаас хасах зөвшөөрөл олгох тухай” Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 365 дугаар тогтоолоор шийдвэрлэв. Мөн 1986 онд баригдсан сан хөмрөгийн барилга /В блок/ -ыг Чингис хаан музейн барилгын архитектур орон зайн төлөвлөлттэй уялдуулах, барилга хоорондын гал тусгаарлах орон зайг хангах буулгах шийдвэр гаргав.
Сан хөмрөг бүрдүүлэх ажлын хэсэг
Монгол Улсын Ерөнхий сайд 131 дүгээр захирамжаар Чингис хаан музейн сан хөмрөгийг бүрдүүлэх, үзмэр, эд өлгийн зүйл цуглуулах, үзүүллэг дэглэлтийн ажлыг удирдан зохион байгуулах, дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах тухай захирамж гарсан.
Газрын өмчийн шилжүүлэлт
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас Байгалийн түүхийн музейн барилгыг буулгаж, чөлөөлсөн газрыг Чингис хаан музейн зориулалтаар, төрийн байгууллагын эзэмшилд байхаар шийдвэрлэсэн тухай бичгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд ирүүлэв.
Зөвлөлдөх уулзалт
Чингис хаан музейн танхимын нэршил, үзүүллэгийн төрөл, тавигдах үзмэрийг хуваарилах талаар хэлэлцэх Зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулав. Уулзалтад Соёл урлагийн газар, Соёлын өвийн төв, Чингис хааны өв соёлын хүрээлэн, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Археологийн хүрээлэнгийн төлөөлөл 9 хүн оролцов. Уулзалтаар Чингис хаан музейн танхимын нэршил, үзүүллэгийн төрөл, тавигдах үзмэрийн тухай ярилцаж, нэгдсэн ойлголтод хүрлээ.
Ажлын төсөв батлагдав
Чингис хаан музейн ажлын зураг, төсөв боловсруулах ажлын даалгавар Барилга, хот байгуулалтын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нарын 2019/34, 2019/03, 2019/05 дугаараар батлагдав.
Эрмитажтай үзмэрийн гэрээ
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д айлчлах үеэр Эрмитаж музейгээс Чингисийн чулууны бичиг үзмэрийн хуулбарыг хүлээлгэн өгөх гэрээ хийв. Гэрээнд Эрмитаж музейн Ерөнхий захирал Михаил Б.Пиотровский, Монгол Улсаас ОХУ-д суугаа элчин сайд Д.Даваа нар гарын үсэг зурав.
Барилгын буулгалт дуусав
Байгалийн түүхийн музейн барилгын буулгалтын ажил 100 хувь дууссан.
Үндсэн хөрөнгийн акталт
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын “Байгалийн түүхийн музейн үндсэн хөрөнгийг акталж, данснаас хасах зөвшөөрөл олгох тухай” 639 дүгээр тогтоол гарав.
Музейн дүрмийн батлалт
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын А/36 дугаар тушаалаар Чингис хаан музейн дүрмийг баталж, музейн ашиглалтын өмнөх захиргааны чиг үүргийг Чингис хааны өв соёлын хүрээлэнгийн захирал М.Батбаярт хариуцуулав.
Улсын бүртгэл
Чингис хаан музейг 6524311 тоот регистрээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлэн Улсын бүртгэлийн 000196441 тоот гэрчилгээг авав.
Үзэл баримтлал батлагдав
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Чингис хаан музейн үзэл баримтлал”-ыг батлав.
Үзмэр цуглуулах ажлын хэсэг
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын А/79 дугаар тушаалаар Чингис хаан музейн үзмэр цуглуулах, шинээр бүтээн туурвих ажлыг удирдан зохион байгуулах Ажлын хэсгүүд /үндсэн нэг, зургаан дэд/ -ийг байгуулсан
Эрдэмтдийн зөвлөл байгуулагдав
Монгол Улсын Ерөнхий сайдын 39 дүгээр захирамжаар Чингис хаан музей байгуулах үйл ажиллагааг мэргэжлийн зөвлөгөөгөөр хангах чиг үүрэг бүхий “Эрдэмтдийн зөвлөл” байгуулагдав.
Газар эзэмших эрх
Нийслэлийн Засаг даргын А/423 дугаар захирамжийн дагуу Чингис хаан музейн газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авав.
Барилгын шав тавих ёслол
Төрийн тахилгат 10 хайрхны хөрс шорооны дээж, рашаан усны дээж, тариа будаа, есөн эрдэнэ, таван тансаг үнэртэн, амттаны дээжийг 21 аймаг, Улаанбаатар хотоос бүрдүүлэн цуглуулж, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Соёмбо танхимд Бурханч лам Г.Пүрэвбатын удирдлагаар зэс хайрцагт оршоож, Чингис хаан музейн барилгын шав тавих ёслолд бэлтгэв. Ийнхүү Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрт музейн барилгын шав тавих ёслол болж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцов.
Барилга угсралтын ажлыг эхлүүлэв
Чингис хаан музейн барилга угсралтын тендерт “Билгүүн Монгол Констракшн” ХХК шалгарч, барилга угсралтын ажлыг эхлүүлэв.
Эрдэмтдийн зөвлөлийн зөвлөмж
Ерөнхий сайдын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл Чингис хаан музейн талаар зөвлөмж гаргав.
Шүншиг сан оршоов
Чингис хаан музейн зоорины давхрын сууринд Төрийн тахилгат 10 хайрхны хөрс шорооны дээж, рашаан усны дээж, тариа будаа, есөн эрдэнэ, таван тансаг үнэртэн, амттаны дээжийг оршоосон шүншиг санг байрлуулан битүүмжлэв.
Бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Соёлын сайд С.Чулуун нар Чингис хаан музейн бүтээн байгуулалттай танилцаж холбогдох арга хэмжээг авав.
Дүрэм батлагдав
Чингис хаан музейн дүрмийг Соёлын сайд С.Чулуун батлав.
Анхны захирал томилогдов
Соёлын сайдын тушаалаар Чингис хаан музейн анхны захирлаар академич С.Чулуун томилогдов.
Бүтэц, зохион байгуулалт
Чингис хаан музейн бүтэц зохион байгуулалтыг Соёлын сайд Ч.Номин батлав.
Барилга ашиглалтад орлоо
Чингис хаан музейн барилгыг Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисс хүлээн авав.
Төрийн түүхийн музей нэгтгэгдэв
Монгол төрийн түүхийн музейг Чингис хаан музейд нэгтгэн зохион байгуулах тухай Засгийн газрын 336 дугаар тогтоол гарав.
Эрдмийн зөвлөл
Музейн захирал С.Чулууны А/61 дүгээр тушаалаар Чингис хаан музейн Эрдмийн зөвлөлийн үйл ажиллагааны журам, Эрдмийн зөвлөлийн гишүүдийг батлав.
Музейн анхны сэтгүүл батлагдав
Музейн захирал С.Чулууны А/60 дугаар тушаалаар ЧИНГИС ХААН МУЗЕЙН СЭТГҮҮЛ-ийн редакц батлагдав.
Сэтгүүлийн редакц батлагдав
Музейн захирал С.Чулууны А/62 дугаар тушаалаар ЧИНГИС ХААН МУЗЕЙН МЭДЭЭЛЭЛ сэтгүүлийн редакц батлагдав.
«Монголчуудын дурсамж» үзэсгэлэн
Музейн барилгын нээлттэй давхцан Их эзэн богд Чингис хааны мэлмий гийсний 859 жил, Монгол бахархлын өдөрт зориулсан "МОНГОЛЧУУДЫН ДУРСАМЖ: ЧИНГИС ХААН” анхны цахим үзэсгэлэнгийн нээлтийн ёслол болов.
Эрдэмтдийн зөвлөлийн хурал
Чингис хаан музейн үзэсгэлэн, үзүүллэгт мэргэжлийн зөвлөгөө өгөх үүрэг бүхий Ерөнхий сайдын дэргэдэх “Эрдэмтдийн зөвлөл”-ийн хурал, хэлэлцүүлэг болов.
Олон улсын музейн зөвлөлд элсэв
Дэлхийн 142 орны 49000 музейн мэргэжилтэнд эгнээндээ нэгтгэсэн, Францын нийслэл Парис хотноо төвтэй Олон улсын музейн зөвлөл (ICOM)-ийн гишүүнээр Чингис хаан музейн 39 мэргэжилтэн элсэж, үнэмлэхээ гардан авав.
Францын элчин сайдын зочлол
Монгол Улсад суугаа Францын элчин сайд Сэбастиен Сүрүн Чингис хаан музейд зочилж, музейн захирал С.Чулуунтай цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцав.
АНУ-ын элчин сайдын зочлол
АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Стэнли Клечески, АНУ дахь Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд асан Ё.Отгонбаяр нар Чингис хаан музейд зочилж, музейн захирал С.Чулуунтай цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцав.
Хосгүй үнэт үзмэр шилжүүлэв
Чингис хаан музей нь Монгол төрийн түүхийн музейгээс анхны хосгүй үнэт үзмэрүүдээ шилжүүлэн авав.
Японы элчин сайдын зочлол
Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Кобаяши Хироюки, ЭСЯ-ны хоёрдугаар нарийн бичгийн дарга Ито Ёрико нар Чингис хаан музейд зочилж, бүтээн байгуулалтын үйл явцтай танилцлаа.
Олон улсын эрдэм шинжилгээний хурал
Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойд зориулсан "Чингис хааны ертөнц ба Монгол судлал" олон улсын эрдэм шинжилгээний хурал Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор амжилттай болж өндөрлөлөө. Дэлхийн 14 орны 160 гаруй эрдэмтэн, монгол судлаачид оролцсон тус хурлын ерөнхий зохион байгуулагчдын нэгээр “Олон улсын монгол судлалын холбоо”, хамтран зохион байгуулагчдын нэгээр Чингис хаан музей ажилласан юм.
Чингис хаан музейн нээлтийн ёслол
Монгол Улсад их эзэн Чингис хаанаараа овоглосон хаад, язгууртны музей нээлтээ хийлээ.