Бидний тухай

Захирлын мэндчилгээ

Мянганы суут хүн Чингис хаанаар овоглосон хаад язгууртны музейд тавтай морилно уу.

Захирлын мэндчилгээ

Хүндэт зочин таныг угтан мэндчилье

Мянганы суут хүн Чингис хаанаар овоглосон хаад язгууртны музейд тавтай морилно уу.

Дэлхий дахинд амар амгаланг тогтоож, өнөөгийн ертөнцийг үндэслэсэн, мянганы суут хүн Чингис хааны мэндэлсэн тал нутагт түүний нэрээр нэрлэгдсэн Чингис хаан Үндэсний музейг Монгол Улсад 2019-2022 оны хооронд байгуулсан юм. Тухайн үеийн Монгол Улсын Ерөнхий сайд, одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн шийдвэр гарч Монгол Улсын Засгийн газрын санхүүжилтээр байгуулагдсан соёлын салбарын томоохон бүтээн байгуулалт гэж хэлж болно.

Чингис хаан Үндэсний музей нь Монголын төрт улсын түүхийг Хүннүгийн эзэнт улсаас ХХ зууны эхэн үе хүртэлх цаг үеийг хамаардаг. Тус музей нь Чингис хаан түүний өмнө эртний төрт улсын үе, Чингис хаан болон бүрэлдэхүүний улсуудын үе, Чингис хааны угсааныхан ХХ зууны эхэн хүртэл гэсэн 3 цаг үеийг төлөөлүүлэн үзүүллэг дэглэлтийг хийсэн. Чингис хаан Үндэсний музей нь дэлхийн томоохон улс орнуудын музейтай хамтран ажиллаж, хамтарсан үзэсгэлэн зохион байгуулж, судлаачид солилцож, музейн хөгжлийн төлөө хамтран ажиллаж байна. Тус музейгаас эрхлэн 2023 онд Франц улс, 2025 онд Чех, Швейцарь, 2026 онд онд Италийн Ром, Турин хотууд, Их Британи, Умард Ирландын нэгдсэн Вант улсын Лийдс хот дахь Эзэн хааны цэргийн музей, ХБНГУ-ын Берлин хот дахь Өвөг түүхийн музей Симон Галларейд Чингис хаан: дэлхийг хэрхэн өөрчилсөн нь, Монголчууд ба торгон зам, Чингис хаан ба Монголчуудын ертөнц, Өндөр гэгээн Занабазар: Тал нутгийн мэлмий зэрэг үзэсгэлэнг зохион байгуулаад байна.

Тус музейн нийт үзмэрийн 93 хувь нь эх үзмэр бөгөөд Монголын нүүдэлчид, тал нутгийн амьдрал, эзэнт гүрний өвийг бүрэн цогцоор үзэж танилцах музей бөгөөд 2024 онд National Geographic сэтгүүлээс дэлхийд заавал үзэх 20 соёлын дурсгалт газрын нэгээр нэрлэгдсэн юм.

Манай цахим хуудаст зочилж буй эрхэм хүндэт танд шаардлагатай мэдээ мэдээллийг бид түргэн шуурхай хүргэх бөгөөд цаашид та бүхний санал зөвлөгөөг авч ажиллах боломжтой.

Чингис хаан Үндэсний музейд тавтай морилно уу

С.ЧУЛУУН

ЗАХИРАЛ, АКАДЕМИЧ

Эрхэм зорилго

Бидний хүсэл, бидний үүрэг

Хадгалах

Үндэсний түүхийн өв болсон бодит ба биет бус соёлын дурсгалуудыг олон улсын стандартын дагуу хадгална.

Судлах

Шинжлэх ухааны үндэстэйгээр түүхэн өвийг судалж, эрдэм шинжилгээний бүтээл, олон улсын хамтын төсөл бэлдэнэ.

Сурталчлах

Музейн өвийг олон нийтэд, ялангуяа залуу үе, гадаадын зочдод тааламжтай, нээлттэй хэлбэрээр хүргэнэ.

Боловсруулах

Боловсролын хөтөлбөр, аудио тур, цахим контентоор дамжуулж зочинд гүн гүнзгий мэдлэг өгнө.