Чингис хаан Үндэсний музей
ҮЗЭСГЭЛЭН
„ЗАНАБАЗАР: Монголоос Барокко урлагийн ертөнц рүү“ тусгай үзэсгэлэн
Өнгөрсөн
Олон улсын үзэсгэлэн

„ЗАНАБАЗАР: Монголоос Барокко урлагийн ертөнц рүү“ тусгай үзэсгэлэн

2026.01.20 — 02.22 · Итали улс, Ром хот — Боргезе галерей

Хугацаа 2026.01.20 — 02.22
Танхим Итали улс, Ром хот — Боргезе галерей
Цаг 09:00 — 18:00
Тасалбар 15,000₮ · Сурагч 7,000₮
Үзмэр 500+ үзмэр
Хамтрагч
Тасалбар авах
Хуваалцах

Үзэсгэлэнгийн тухай

Өндөр гэгээн Занабазар нь Буддын урлагийг Монголын тал нутгийн нүүдэлчдийн ертөнцөд хөгжүүлж, гайхамшигт бүтээлүүд туурвиж, шашны шинэчлэл хийсэн онцгой хутагт байсныг түүхэн баримт, түүний үлдээсэн өв нэгэнт нотолдог. Түүний бүтээлд нүүдэлчдийн оршин буй байгаль цаг уурын онцлог, амьдралын өдөр тутмын хэв маяг, уламжлалт зан үйл, хүчирхэг хийгээд сургамжит цаг үеийн түүх, гүн ухаан, сэтгэлгээний онцлог бүрэн цогцоороо нэвт шингэж, нүүдэлчдийн урлагийн өнгө төрх, илэрхийлэл болж байгаагаараа дэлхийн олон хүмүүсийн сонирхлыг татдаг. Энэ удаагийн үзэсгэлэнд Өндөр гэгээн Занабазар 20 жилийн дараа анх удаа Монголоос өөр улсад, тэр дундаа дэлхийн урлагийн сэргэн мандалтын голомт Итали улсад дэлгэгдэж байгаа нь чухал ач холбогдолтой.

Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том эзэнт гүрнүүдийн нэг болох Азийн тал нутгийн зүрхэнд мэндэлсэн Эшидорж нь Чингис хааны алтан ургийн сурвалжит язгууртан байлаа. Тэрбээр Занабазар хэмээх шашны алдраараа олноо алдаршиж, „Өндөр гэгээн“ хэмээн өргөмжлөгдсөн юм. Монгол дахь Төвөд Буддизмын Гэлүгба ёсны шашны тэргүүн, Анхдугаар богд Жавзандамба хутагт Бурхан багшийн анхны таван зуун шавь нарын нэгний хойд дүрд тодрон шүтэгдэж байв. Онцгой оюун санааны удирдагч өндөр гэгээн Занабазар гарамгай хэл шинжлэлийн эрдэмтэн төдийгүй, шинэ цагийн эхэн үеийн Монголын хамгийн агуу барималч байлаа. Төвөдийн хийдүүдэд шавилан сууж, аялан явахдаа олж авсан гүн гүнзгий мэдлэг, урам зориг түүний болон шавь нарынх нь туурвисан бүтээлүүдэд шингэсэн байдаг бөгөөд Монгол даяар түүний үүсгэн байгуулсан сүм хийдүүдэд нандин шүтээн болон хадгалагдан иржээ. Тэдгээр дундаас Гэгээн Дарь эхийн дүрүүд гоо зүйн өндөр үнэ цэнээрээ онцгойрдог. Дарь эх нь Бурхан багшийн эмэгтэй төрх бөгөөд аврал нигүүлсэл, чөлөөлөл болон дотоод сэтгэлийн амар амгаланг бэлгэддэг. Занабазар Монголд Буддизмыг урьд өмнө байгаагүй далайцтайгаар түгээн дэлгэрүүлж, эгэл жирийн сүсэгтэн олонд ойлгомжтой болгож чадсан нэгэн. Түүний зорилго хүний нүд болон сэтгэлтэй шууд харилцаж чадах, монголчуудын хэлдгээр „нүдэнд дулаахан“, байгалийн төгс зохицол бүхий барималуудыг бүтээхэд оршиж байв. Бернини Европт, Занабазар Азид өөрсдийн соёлд арилшгүй мөрөө үлдээсэн юм. Тэд хоёул уламжлалт сэдэв, агуулгыг дахин тайлбарлах шинэлэг алсын хараа, урьд өмнө байгаагүй арга барилыг хөгжүүлж, урлагийн шинэ хэлийг нээсэн бөгөөд тэдний бүтээсэн загвар хойч үеийнхэнд гүн гүнзгий нөлөө үзүүлсэн билээ. Алслагдсан хоёр өөр ертөнц боловч урлагийн түүхийг өөрчлөх чадалтай бүтээгч хүч тэдэнд байлаа.

Эл үзэсгэлэнд тавигдаж буй бүтээлүүд уран нарийн хийцтэй Ногоон Дара эх болон Занабазарын өөрийн хөрөг бүхий алтадмал хүрэл баримал Улаанбаатар хот дахь Чингис хаан Үндэсний музейгээс ирсэн бөгөөд харилцан хамаарал, харьцуулалт дунд түүний бүтээлийг түүхэнд анх удаа Европ түүн дундаа Итали улсад олон нийтэд толилуулж байгаа нь энэ юм. Өрнийн музейн зочдод эдгээр бүтээлүүд өрнө дорнын урлагийн соёл, гоо зүйн болон хэлбэр хийцийн хувьд ямар ялгаатай болохыг бодитоор харж таашаах, шинэ ирээдүйн соёлыг гэрчлэх өргөн боломжийг олгож байна.

Энэхүү төсөл „Дэлхийн барокко: Бернинийн үеийн Ром дахь ертөнц“ (2025 оны 4-р сарын 4-нөөс 7-р сарын 13) хэмээх үзэсгэлэнгээс үүтжээ. Тус үзэсгэлэн XVII зууны Ром хотын соёл хоорондын гүн гүнзгий шинж чанарыг онцолж, худалдаа арилжаа, дипломат харилцаа, уран бүтээлчид болон шашны зүтгэлтнүүдийн аялал өнөөгийн даяаршлын эхлэлийг тавьсан нягт хэлхээ холбоог бүрдүүлж байсныг харуулсан билээ.

Боргезе галерей түүх, газарзүй болон техникийн хувьд тэс өөр ертөнц мэт боловч бүтээлч сэтгэлгээ болон урлагийн ирээдүйг тодорхойлох чадвараараа гайхалтай ойрхон байсан хоёр өөр бүс нутгийн дүр төрх, олдворууд хоорондын нарийн төвөгтэй харилцааг судлан, урьд өмнө байгаагүй өвөрмөц төслийг ийн хэрэгжүүлж байна. Энэ бол „дэлхийн барокко“-гийн амин сүнс, олон нийтийн хувьд хосгүй боломж. Ерөөс хэдэн арван мянган километрийн алсад хадгалагдах бүтээлүүдийг нэг дороос үзэж сонирхон, түүхийн нэгэн цаг үеийн илэрхийлэл болсон урлагийн бүтээлийн сор дээжээс толилуулж буйгаараа онцлог.

Энэ үзэсгэлэнг танхимд үзэх үү?

III давхар, 7-р танхимд 2027.04.15 хүртэл үзэх боломжтой. Бүх бүлэгт зориулсан хөтөч, аудио гарын авлагатай.