Уран бүтээлдээ тэрээр тэнгэр ба газрын хооронд орших орон зай, байгаль ба хүн төрөлхтний харилцан хамаарал, хийсвэр ба бодит оршихуйн заагийн гүн ухааны санааг илэрхийлдэг. Түүний уран бүтээлийн гол сэдэв нь тал нутгийн язгуур өв, нүүдлийн соёл, аниргүй тайван орчин юм. Уран бүтээлчийн үзлээр “хүн нэгэн зэрэг хоёр орон зайд оршдог”: нэг нь бие махбодийн бодит ертөнц, нөгөө нь оюун санаа, төсөөлөл, итгэл бишрэл, дурсамжаас бүрдэх дотоод ертөнц. Энэхүү дотоод оршихуй усны мандалд эсвэл сүүдэрт тусахдаа тусгалын биет бус чанараар дамжин зөн совин, сэтгэлийн гүн гүнзгий хэмжээсийг ил тод болгодог. 2009 оноос эхлэн уран бүтээлд нь “Тусгал” хэмээх ойлголт гол байр суурь эзэлж, хүний дотоод бодол, итгэл үнэмшил, хүсэл найдвар зэргийг бодит ертөнцтэй холбон илэрхийлдэг болсон. Ингэснээр хийсвэр мэт орших дотоод ертөнцийг “Дээд тэнгэр”-ийн үзэлтэй уялдуулан, хүний оршихуйн мөн чанарыг зогсолтгүй урсах цаг хугацаа, мөнх оршихуй, эртний монголчуудын тэнгэр шүтэх үзэлтэй холбон харуулдгаараа онцлогтой.
Үзэсгэлэнгийн тухай
Монгол–Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны 100 жилийн ойг тохиолдуулан дэлгэж буй Монгол Улсын Соёлын элч, уран бүтээлч Цэндийн Ган-Эрдэнийн бие даасан үзэсгэлэн.
Энэ үзэсгэлэнг танхимд үзэх үү?
III давхар, 7-р танхимд 2027.04.15 хүртэл үзэх боломжтой. Бүх бүлэгт зориулсан хөтөч, аудио гарын авлагатай.
